Tuesday, June 11, 2013

ДайЧин Тана


Шинэ өглөө

Өглөөний мэнд! Өдөр ажил дээрээ жаахан юм бодож байгаад орой ирээд бичнэ ээ.

Чи хаашаа явж байна?

Чи хаашаа явж байна? Энэ асуултыг өдөр болгон өөрийн эрхгүй өөрөөсөө асуудаг. Энэ биеэрээ хаашаа явж байгаа нь биш, ирээдүйгээ хаашаа залж байгаа тухай асуулт юм л даа. "Гортигоо бариад байгаа маа" гэж нэг хошин шог дээр гардаг даа, тэрэн шиг өөрийн амьдралын хөндлөгөөс хараад "Гортигоо барьж" байгаа эсэхээ хянахад амар байдаг юм.

Monday, June 10, 2013

Намайг уучлаарай

Хэд хоног ажил хайгаад өдөржингөө явж, олон ч газар анкет бөглөсний эцэст хэн ч эргэж залгадаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байсан билээ. Гэтэл өнөөдөр ярьсан байсан ажилдаа очоод ажилаа хийж эхэлж байтал бүр 2 ч газраас өнөөдрөөс ирж ажилдаа орж болно гэж залгадаг юм байна. Би дахиад л гэнэдчихлээ, жаахан хүлээх хэрэгтэй байсан юм, үүнийг ойлгоход ууг нь нэг их ухаан хэрэггүй л дээ. Ажил хайж буй тухайгаа хүн болгонд ам нээж, эргээд өөрөө нөгөө яриандаа ороогдоод бантахдаа, Буцааж залгана гэж хэлдэг хүний нөөцийн менежрүүд бол зууны манлай муриачид гэсэн тэнэг дүгнэлт хийгээд, түүнийгээ олон ч хүнд ярьж, блогтоо ч нийтэлсэн.

Одоо албан ёсоор өршөөл эрэх нь зүйтэй болов уу, "Намайг уучлаарай, Би дэндүү тэвчээргүй зан гаргаж та бүхний нэр төрийг доромжилсон байна"

Хэзээ ярихаасаа өмнө бодож сурах юм болдоо...


Saturday, June 8, 2013

Их битгий хий, бага битгий хий, гол нь өдөр болгон хий!

Их битгий хий, бага битгий хий, гол нь өдөр болгон хий! Энэ л ёстой үнэн үг юм аа, энгийн мэт боловч хамгийн хэцүү нь. Би өөрийгөө тийм ч мартамхай гэж боддоггүй л дээ, гэхдээ өөртөө зорилт, зорилго болгосон зүйлээ өдөр бүр ухамсарлаж, түүнийхээ төлөө ямар нэг зүйл үргэлж хийж байдаг гэж хэлж чадахгүй нь. Ном унших дээр ядаад үүнийг хэрэгжүүлдэг болохсон, тэгэхгүй бол баахан л дуусгаагүй ном, бүгдийг нь дунд нь оруулаад орхичихсон, хэзээ дуусгахаа ч мэдэхгүй.

ЭР ХҮН БОЛ, ЭР ХҮН ШИГ Л БАЙ.

Эр хүн бол,эр хүн шиг бай.
Үлээхэд наашаа,өрвийхөд нь цаашаа
Тийм тоглоом бүү бол.
Нохой бурахад
Ноцохоос нь бүү ай.


Dunnowhy?


Өсөхийн жаргал жаргал биш.

Амьдрал үзнэ гэж ер нь яахыг хэлдэг юм болоо? Нэг бол хэтэрхий их зовсон хүнийг амьдрал үзсэн хүн гээд байх шиг байгаа юм, нөгөө бол хэтэрхий баян тансаг байж, олон юм үзсэн хүнийг юм үзсэн хүн гээд байгаа ч юм шиг. Гэхдээ энэ үгийн утгыг хайж оллоо гээд би юунд ч хүрэхгүй л дээ, учир нь энэ үг бол нийтийн дунд яригддаг, зүгээр л бие биедээ онгирох гэсэн хүмүүсийн ашигладаг үг байх, тийм болохоор яг цагаа тулахаар энэ үгэнд хариуцлага хүлээх хүн олдохгүй ч байж болох юм. За тэр ч яахав.

Гэхдээ ерөнхий утгаар үзсэн зовлон, жаргалын далайцын хэмжээ их байх тусам л амьдралыг тэр хэмжээгээр сайн мэддэг гээд төсөөлөхөд болох байх. Зовлон үзнэ, тэгвэл бас давхар амьдрал үзнэ. Тэгэхээр зовж байж л амьдралыг үзнэ гээд ойлгочихъё. Жаргал гэдэг угаасаа барьцгүй хийсвэр ойлголт, хүн зовлонгоо түрхэн зуурт мартах үеийг л жаргал гээд байдаг юм шиг. За бас тэр ч яахав.

Thursday, June 6, 2013

Сайхан зүүд

Өчигдөр орой 4 кино дарааллуулж үзсэнээс сүүлийн 2 нь сэтгэл хөдөлгөсөн хайр дурлалын сэдэвтэй кино байваа. Шөнө юу зүүдэлснээ санахгүй байгаа ч яагаад ч юм нэг л эрч хүчтэй, сайхан болоод сэрлээ. Өнөөдөр чухал өдөр, ажилд орох анкет бөглөх өдөр. Гэхдээ шинэ ажил гэдэг бол шинэ айдас л гэсэн үг. Харин хаанаас ч юм урам зориг ундраад эхэллээ. Магадгүй үзсэн кино надад гүн сэтгэгдэл төрүүлсэн ч юм болов уу.

Now is Good, Safe Haven кинонууд юм л даа. Now is Good кино утга агуулгын хувь илүү гүн гүнзгий ч Safe Haven кино надад илүү таалагдлаа. Зүгээр л гол дүрийн жүжигчинд нь дурлаж энэ тэр хэхэ. Магадгүй зан чанарын хувьд миний хүсч мөрөөдөж явдаг эмэгтэйтэй ойролцоо болоод ч тэр юм уу, мэдэх юм алга. Гэхдээ л ямар ч байсан шинэ айдсаа даван туулах хайрын хүчийг мэдрээд их л сайхан байна.

Wednesday, June 5, 2013

За хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлээд жаахан маазарчихъя /2012 оны 12 сарын 16-нд бичиж байж хэхэ/

Бодоод байсан чинь би дөчийн талыг хэдийн насалчихсан тууж явна. Амьдралынхаа хагасын хагасыг туулчихлаа. За тэр суутнуудтай харьцуулаад өдийг хүртэл юу хийж бүтээв энээ тэрээ гэж бодох юм бол гутралд орох шинжтэй. Надад бусдаас илүү суу билэг, авъяас чадвар заяагаагүйгээс хойш хүн төрөлхтөний түүврийн алдаануудтай өөрийгөө жишээд ч юу хийхэв. Гэхдээ өдийн насыг хий хоосон үрсэн үү гээд бодоход бас үгүй. Би олон хүнтэй уулзаж, олон хүнтэй танилцаж, олон хүнтэй ярилцаж, бас ч үгүй нэлээдгүй юм мэдэж авсан байна.
No I can't take one more step towards you
Cause all that's waiting is regret
Don't you know I'm not your ghost anymore
You lost the love I loved the most

Тайвшрал

Өглөө хүн яаж сэрнэ, тэр өдөр тэр чигээрээ тийм л байх болно гэдэгт би итгэдэг. Тийм учраас өглөө босох үед өчигдрийн сэтгэл хоргоож байсан зовлон шаналал бодогдож эхэлбэл "Өнөөдөр л биш шүү, би бүтэн өдрөө ингэж алдмааргүй байна" гэж бодоод аль болох сайн сайхан, хөгжилтэй зүйлийн талаар бодож өдрийг эхлүүлэхийг хичээдэг.

За алив наашаа суу, сэтгэлийг чинь жаахан дайлъя!

Гомдож байна уу, хэн ч чамайг ойлгохгүй байгаад гомдож байна уу? юу ч болж бүтэхгүй бүх л орчлон ертөнц, хүн төрөлхтөн чиний эсрэг хуувилдан тохиролцсон юм шиг муухай санагдаж байна уу? яагаад энэ бүхэн ийм байгаад гомдож байна уу? юу ч хийж чадахгүй байгаадаа өөртөө гомдож байна уу? энэ бүхэнд хэн ч буруугүй байгаад гомдож байна уу? сэтгэлийг чинь засах хэн ч олдохгүй байгаад гомдож байна уу? гомдолтой санагдаж байгаа өөрийн золгүй хувь тавьлангаа үзэн ядаж, зүхэж харааж сууна уу? энэ бүхний эцэст ямар ч үзэгчгүй эмгэнэлт жүжгийн гол дүр болсон өөрийгөө өрөвдөж сууна уу?

Блог нээж байна

Урьд нь компьютер, интернэт гэж мэдэж эхэлсэн үеэс л блог сонирхож, маш хүчтэй татагдаж байж билээ, тухайн үедээ бараг өдөр болгон шинэ блог нээж, шинэ шинэ зүйл сураад их л хөгжилтэй байждээ. Гэхдээ нэг их удалгүй Фэйсбүүк гэгч нийгмийн цахим сүлжээнд татагдан орсноор блогийг бүр мартаж орхиж, эхэндээ блогоос хамаагүй илүү, сонирхолтой, хурдтай, илүү хялбар, хүртээмжтэй санагдаж байлаа, гэвч яваа яваандаа ньюс фийд скролдож суухаас өөр ажилгүй болсноо анзаарсан үеэс л фейсбүүкээ хааж, блог хөтлөх нь илүү зөв юм байна гэж бодох боллоо. Интернэтээр хэсэн тэнүүчилж, элдэв шалдав зүйлийг эрж хайж явдаг байсан скоут нэг л өдөр ньюс фийдэд гарч ирсэн хог болгоныг хамж иддэг гахай шиг болсон байснаа анзаарсан учир л тэр. Энд би өөрийн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй дэлгэх хязгааргүй эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдэлнэ гэж бодож байна. Миний зорилго бол тэмдэглэл маягаар өөрийн мэдэж авсан зүйлийг хөтлөх, тэгэхдээ тэр нь өөр хэн нэгэнд заавал харагдаж, нүдэнд орсон хог мэт үзэгддэг бус, харин хайсан, зорьсон хүмүүс нь л олоод алт мэт үнэт зөвлөгөөгөө үлдээдэг байвал зүгээр мэт санагдсан юм. Бас тэр фейсбүүкийн Лайк, Шейр энэ тэрд би дургүй болохоор л үүнийг хийж байна гэж хэлж болно :) . Гэхдээ блогчдийн бас нэгэн мэдэж байх ёстой зүйл бол ямар ч чанартай нийтлэл оруулсан сэтгэгдэл бичих хүн олдохгүй, бүр хүмүүс үзэхгүй байх тохиолдол ч байж болно гэдгийг үгүйсгэх аргагүй л дээ. Эсвэл хэн нэгэн мундаг нь орж ирээд мундагдаад, эргүү тэнэгээр минь дуудаж дуудаж гараад явж бас болно. Хэрэв блог хөтөлнө гэж санаж л байгаа бол "Энэ үед л шантарч, унаж болохгүй" гэдгээ мэдэж байх ёстой. За түр болилоо