Wednesday, June 5, 2013

За алив наашаа суу, сэтгэлийг чинь жаахан дайлъя!

Гомдож байна уу, хэн ч чамайг ойлгохгүй байгаад гомдож байна уу? юу ч болж бүтэхгүй бүх л орчлон ертөнц, хүн төрөлхтөн чиний эсрэг хуувилдан тохиролцсон юм шиг муухай санагдаж байна уу? яагаад энэ бүхэн ийм байгаад гомдож байна уу? юу ч хийж чадахгүй байгаадаа өөртөө гомдож байна уу? энэ бүхэнд хэн ч буруугүй байгаад гомдож байна уу? сэтгэлийг чинь засах хэн ч олдохгүй байгаад гомдож байна уу? гомдолтой санагдаж байгаа өөрийн золгүй хувь тавьлангаа үзэн ядаж, зүхэж харааж сууна уу? энэ бүхний эцэст ямар ч үзэгчгүй эмгэнэлт жүжгийн гол дүр болсон өөрийгөө өрөвдөж сууна уу?


Жаахан тайвшраад бүхнийг эхнээс нь бодоод үзье. Юу болоод өнгөрөв өө? Асуудал юунд байв. Хамгийн гол нь чи өөрийн чадах бүхнийг хийсэн үү? Хэрэв тийм бол чамд гомдоод байх шалтгаан алга, бүх зүйл буруутсан байсан ч энэ бүхэн чамаас шалтгаалсан зүйл биш байсан л бол гоморхож, аргуу нулимсаа залгиж суух хэрэггүй, харин ч баярлаж инээ, учир нь энэ бүхний эцэст хохирсон хүн нь чи биш гэдгийг сана найз минь, амьдрал гэдэг ээдрээ бартаатай байдгийн шалтгаан нь чамайг барьц алдуулах гэсэн өрөвдөлтэй л нэгэн оролдлого. Харин чи салхи шуурганд ч үл уруудах бат цайз мэт зогсож чадсан бол өөртөө баяс! Бүр чангаар инээ, тэгээд Чиний чадах зүйл ердөө энэ үү гэж хувь тавилангийн өөдөөс харан ёжтойгоор инээ, хэрвээ дахиад жаахан салхилбал тэсээд өнгөрөө, гол нь өөрийн жаргал цэнгэл, амар хялбарыг умартан амьдралаа золиослоод ч хамаагүй хичээ! Энэ бүхэн эцэс төгсгөлгүй мэт давтагдсан ч инээсэн хэвээрээ үргэлжлүүл, Үнэн бүхний эхлэл бас төгсгөлд байдаг гэдгийг би өөрийн итгэл үнэмшлийн дагуу батлан тунхаглаж байна!

Хэрэв чи өөрийн чадах бүхнийг хийгээгүй байвал яах вэ гэж үү? Тэгвэл энэ бүхэн чамаас л болсон гэсэн үг, энэ чинь л амьдралын сургууль юм шүү найз минь. Алдаа бүхний ард юу нуугдаж байдгийг мэдэхийг хүсвэл өөрөө нэг алдаад үз, тэгээд ч ойлгохгүй байвал ойлгосон хүмүүсийн бичсэн зүйлийг унш, хийсэн зүйлийг нь хар. Алдаа бүрийн ард жинхэнэ алт эрдэнэс гэж үнэлж болохуйц оюунлаг зүйл нуугдаж байдаг юм. Энэ бол мэдээж туршлага. Өөрийн сонгосон замаар яваад алдсан бол гутарч суухын оронд мөн л баяс, учир нь энэ замаар явах нь буруу юм байна гэдгийг чи мэдэж авсан л байна. Буруу замаар яваад байвал зорьсон газраа хэзээ ч очихгүй нь хэнд ч ойлгомжтой. 

За тэгээд найз минь, одооноос эхлэн өнгөрсөндөө битгий харамсаж суу, цаашдаа ч болоогүй зүйлийн төлөө гомдоллож бүү суу! Маргааш болоход өнөөдрийн талаар бодон гансарч суухгүйн тулд одоо юу хийж болох вэ гэдгийг бод, тэгээд байдаг чадлаараа хичээ! Тэгээд юу ч болсон инээхээ л мартаж болдоггүй юм шүү найз минь!


Өөрийн дотор орших Үл Мэдэх дүүд зориулав. 

No comments:

Post a Comment