Saturday, June 8, 2013

Өсөхийн жаргал жаргал биш.

Амьдрал үзнэ гэж ер нь яахыг хэлдэг юм болоо? Нэг бол хэтэрхий их зовсон хүнийг амьдрал үзсэн хүн гээд байх шиг байгаа юм, нөгөө бол хэтэрхий баян тансаг байж, олон юм үзсэн хүнийг юм үзсэн хүн гээд байгаа ч юм шиг. Гэхдээ энэ үгийн утгыг хайж оллоо гээд би юунд ч хүрэхгүй л дээ, учир нь энэ үг бол нийтийн дунд яригддаг, зүгээр л бие биедээ онгирох гэсэн хүмүүсийн ашигладаг үг байх, тийм болохоор яг цагаа тулахаар энэ үгэнд хариуцлага хүлээх хүн олдохгүй ч байж болох юм. За тэр ч яахав.

Гэхдээ ерөнхий утгаар үзсэн зовлон, жаргалын далайцын хэмжээ их байх тусам л амьдралыг тэр хэмжээгээр сайн мэддэг гээд төсөөлөхөд болох байх. Зовлон үзнэ, тэгвэл бас давхар амьдрал үзнэ. Тэгэхээр зовж байж л амьдралыг үзнэ гээд ойлгочихъё. Жаргал гэдэг угаасаа барьцгүй хийсвэр ойлголт, хүн зовлонгоо түрхэн зуурт мартах үеийг л жаргал гээд байдаг юм шиг. За бас тэр ч яахав.



Би ажилд орох гэж 3 хоног идэвхитэй явлаа, 5-6 газар очиж уулзаж, анкет бөглөж, асууж тодруулж, утсаар ярьж, зарын сонинг эмэртэл нь эргүүлж тойруулж, зарын сайтуудад шинэ зар нэмэгдэхнэ үү гэж байн байн шалгаж, үнэхээр өөрийн чадах бүхнийг хийсэн гэж хэлэхэд бараг болох байх. Ууг нь бол хүн юу тарина, түүнийгээ л хураадаг гэдэгт би итгэдэг л дээ, тэгж бодоод асар цоглогоор газруудад очиж уулзан, оюутны хийчихэж болохоор ажил юу байна гээд л сураглаж гарсандаа. Бүр орифлеймийн мафийн гаруудтай орооцолдох дөхсөн гэхээр илүү үнэмшилтэй болж байгаа биз. Өчигдөр бодохдоо ажилд ороход энэ зэргийн хөдөлмөр зарцуулагддаг л юм байлгүй, хүмүүс яагаад ажилд орохгүй яваад байдаг юм болоо гээд л мундаг юм бодоод байлаа. Гэтэл яг одоо юу бодогдож байна вэ гэхээр тэр ажил олгогч гэдэг нөхдүүд чинь зууны манлай муриачид байдаг юм биш үү, хүн тэр анкетийг нь хамаг сэтгэл зүрхнийхээ гүнээс байдаг дотроо уудалж байгаад л бөглөж өгч байхад, буцаагаад залгая гэчихээд л таг шүү. Зарим нэг нь цагийн ажилчин авна гэсэн хэрнээ үнэхээр бага цалинтай санагдах юм даа.

70200 -аас өөр орлогогүй оюутан байж болно л доо. Гэхдээ бас ядуугаар нь боож байгаа юм шиг оюутан гэхээр л ад үзээд л, нэг л ёозгүй байх юм. Зарим гарууд нь болохоор оюутан гэнгүүт л инээд алдаад л, өө ахын дүү, эгчийн дүү гэж ирээд л  нэг л худлаа сайхан ааш, цаанаа бол энэ муу мулгуй юмыг яаж зүгээр ажиллуулах вэ гэсэн юм бодож байгаа юм шиг санагдаад байх юм. Би ер нь энэ нийгэмд амьдрах явъяасгүй хүн юм шиг байна дөө. Ганди "Дарангуйллын хамгийн адгийн хэлбэр нь ЯДУУРАЛ" гэж хэлсэн байдаг. Хүмүүс залхуудаа ажил хийхгүй байна, хүмүүс арай дэндүү залхуу байна энэ тэр гэж яриад байдаг. Би тэр яриаг нь чухам л үнэн гэж бодож явлаа, тэгсэн харин нөхдүүдийн амлаад байгаа цалин нь биеэ даагаад амьдрахад хаана ч хүрэхгүй, бараг доромжилж байгаа юм шиг цалин амладаг юм байна лээ. Бүх газар л туршлага харна гэж хэлнэ. Дөнгөж сургууль төгсөж байгаа оюутан, эсвэл сурч байгаа оюутанд ямар юмных нь туршлага байдаг юм. Заза бүр солиорч гүйцлээ, ингээд дуусгая

No comments:

Post a Comment